“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор ХБНГУ-ын CSU намын улстөрч Н.Солонгыг урьж ярилцлаа. Тэрбээр одоо CSU намын бүсийн Гадаад бодлого аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн орлогч даргаар сонгогдон ажиллаж байгаа юм.
ХБНГУ-ын Бавари муж 13 сая хүн амтай. CSU нам 1945 оны дэлхийн хоёрдугаар дайны дараа Үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажилчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг байж байгаад нам болон өргөжсөн байдаг. Түүнээс хойш холбооны Засгийн газрын эрхийг барилцаж, Германы хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ намаас Холбооны Засгийн газрын гол салбарын сайд нар томилогддог. Би 2014 оноос тус намд гишүүнээр элсэн ажиллаж байна. Барууны улс төр Монголын улс төр хооронд мэдээж тэнгэр газар шиг ялгаатай. Европ 100 жилээр түрүүлж яваа. Улс төр нь тогтвортой. CSU нам гэхэд 1945 оноос хойш баримталсан намын дүрэм гэж байдаг. Намын гишүүд улстөрчид дүрмээ зөрчихгүй байх ёстой. Дүрмээ зөрчвөл шууд халагдана, худлаа яривал баригдана.
Энд ийм л тогтолцоо ноёрхож байна. Харин Монголд улс төрийн байдал эсрэгээрээ. Германд улстөрд маш өндөр хариуцлага үүрч гарч ирдэг. Улстөрчид бодлого боловсруулж хууль санаачилж байна. Манайд зарим нэг нь гурил, будаа тараагаад л улстөрч болчих юм. Энэ хоёр орны улс төрийг харьцуулах утгагүй ч гэлээ энд сурсан мэдсэн зүйлээ монгол хүний ухаанаар шигшээд, хэрэгтэй гэснийг нь эх орондоо бий болгохыг хүсэлгүй яах вэ.
Улс төр хаалга онгойлгохоос эхэлдэг
-Аливаа улс орны хамгийн чухал зүйл нь хил хязгаар, эдийн засгийн аюулгүй байдал, боловролтой эрүүл иргэд байдаг. Энэ бүхэн байхад улс цаашаа хөгжөөд явдаг юм байна. Үүн дээр нэмэгдээд өв соёлоо дээдлэх ёстой. Гадны соёлыг дуурайхаас илүү бидний давуу тал, онцлог юу вэ гэдгийг ухамсарлах юм бол бидэнд хөгжих гарц байна. Монголчууд бид их хувьтай хүмүүс. Хоёр их гүрний дунд тусгаар улс болж, оршин тогтносоор байна. Энэ нь зөв бодлого явуулж ирснийх юм шүү дээ. Зөв бодлогоор явахгүй бол гадны хараат болох амархан. Түвдийн жишээ байна. Ер нь олон жишээ бий. Ганц надаас хамаарна гэж юу байхав гэж ерөөсөө бодож болохгүй. Тэгэхээр нэг хүний оролцоо ч Монгол Улсад хэрэгтэй байгаа биз. Үүнийг л битгий мартаарай. Би гадаад дахь монголчууддаа лекц уншихдаа “Эх орон чинь та нараар дутаж байна” гэж байнга хэлдэг. Үүх түүх, газар нутаг бидэнд байна. Одоо бид хойч үеэ эх оронч үзэлтэй нэгэн болгож өсгөх хэрэгтэй.
Эх оронч сэтгэлгээ суулгах сургалтын орчинг төрөөс шат дараатайгаар бий болгох нь чухал байна. Үүнтэй адил улс төрийн хичээлийг ч гэсэн оруулах хэрэгтэй. Улс төр хаалга онгойлгохоос эхэлдэг гэж үг бий. СӨХ-ны мөнгөө төлөх, цэцэрлэг сургуульд хүүхдээ өгөх гээд өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа улс төр юм шүү дээ. Германд гэхэд цэцэрлэгээс эхлээд ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентын бүлэг гэж ийм байдаг. Хүний сонгох, сонгогдох эрх ямар чухал болохыг заачихдаг. Мөн ардчилсан нийгэм бидэнд эрх гэхээс илүү үүрэг илүү ногдуулдаг гэдгийг ухамсарт нь суулгаад өгчихнө. Багаасаа эмх цэгцтэй мэдээлэл авсан хүн, тэр дагуу л бие хүн болж нийгмийн харилцаанд орно шүү. Хамгийн энгийн жишээ гэхэд би олны танил гоё гоё бүсгүйчүүдийг нийгэм рүү чиглэсэн зүйлд илүү оролцоосой гэж боддог. Будаг шунх, тураах бэлдмэл сурталчлахаас илүүтэй хэрхэн сайн ээж байх, ханиа яаж халамжлах гээд сайхан хайр энэрлийг сурталчлаасай гэж хүсдэг. Энгийн ёс суртахууны асуудлаас том боломжийн эхлэл тавигдана. Монгол Улсыг монгол хүн л хөгжүүлнэ. Улстөрчид хөгжүүлэхгүй.
Зөв ардчилал хөгжсөн бол улстөрчид нь ард иргэдээсээ айдаг
СSU намын бүсийн гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн орлогч дарга, Монгол Германы хамтарсан хамтарсан “Отгонбаяр” сангийн тэргүүн Нацагдоржийн Солонго.
Мэргэжил:
-Гадаад хэлний орчуулагч, Герман судлаач
-ОУ-ын сурган хүмүүжүүлэгч, заах арга зүйч
Сонгуульт ажил:
2014 он: ХБНГУ-ын CSU намын жил
2015 он: Холбооны Засгийн Газарт Бундестагийн гишүүний туслах
2016-2017 он: CSU намын Баруун Консерватив Хөдөлгөөний Швабень бүсийн төлөөлөгч
2015-2017 он: Бавари мужийн Залуучуудын Холбооны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн
2016 он: CSU намын Эмэгтэйчүүдийн холбооны ТУЗ, ЕНБД
2017 он: CSU намын Тойргийн Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
/Орон нутгийн сонгуульд энэ тойрогт 1945 оноос хойш анх удаа эмэгтэй хүн тэр тусмаа анх удаа гадаад хүн сонгогдсон/
2017 оноос: CSU намын тойргийн ТУЗ
2018 оны дөрөвдүгээр сараас-CSU намын Гадаад бодлого аюулгүй байдлын зөвлөлийн Дүүргийн Орлогч даргаар ажиллаж байна.
Шагнал:
2015 он: Европ дахь Шилдэг Удирдагч
2015 он: ХБНГУ-ын ХНХЯамны Жуух бичиг-Данийн дүрвэгсдэд тусалж, Хүмүүнлэгийн ажлууд хийсний төлөө
2017 он: Европын шилдэг Хүмүүнлэг эмэгтэй
-Саяхнаас намайг Монголын улс төрд хүч үзэх сонирхолтой гэж ярих болсон. Тийм хүсэл сонирхол байхгүй. Би ХБНГУ-ын улстөрч. Монголд намын гишүүн болж, нэр дэвших эрх зүйн орчин ч байхгүй. Гэхдээ би эх орондоо хайртай. Би өнгөрсөн таван жилийн хугацаанд эх орондоо 200 гаруй сая төгрөгийн биет болон оюуны хөрөнгө оруулалт хийсэн байна. Монгол руу чиглэсэн үйл ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Ялангуяа залуусын зүрх сэтгэл тархи оюунд оч асаах зүйл хийнэ гэж бодож байна. Үүнийг хажуугаар улстөрч хүнийхээ хувьд улс төрийн байдлыг ажиглана, санал бодлоо ч хэлнэ. МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан. Тэдний бүрэн эрхийн хугацаа дуусахад бараг нэг жил гаруйн хугацаа үлдлээ. Гэтэл мөрийн хөтөлбөрөөсөө нэгийг нь ч биелүүлээгүй байна. Тэд мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Байгуулаагүй. Монгол Улсыг өрийн дарамтнаас гаргана гэсэн гаргаагүй. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна. Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана, аймаг бүрт үйлдвэр барина, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татварыг бий болгохгүй, өрхийн сарын орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэжээ. Энэ амлалтууд хаана байна. Мөн Улаанбаатар хотын дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн барьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.
Бүх эмнэлгийн үзлэгийн дугаарыг гэрээсээ захиалдаг системтэй болгоно. Инфляцын түвшинг нэг оронтой тоонд аваачина. Монгол төгрөгийн уналтыг зогсоож, зохистой төвшинд хадгална. Гадаадын хөрөнгө оруулагчдын урсгалыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татна. Эгийн голын усан цахилгаан станц, Улаанбаатарт V цахилгаан станц барина. Олон улсын нислэгийн үнийг буулгана. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий итгэлийн зээл олгоно гэсэн байна. Энэ бүх амлалтыг нэхмээр байна. Мөрийн хөтөлбөрөөсөө нэгийг нь ч биелүүлээгүй байж, дахиад ард түмнээсээ санал авах хүсэлтэй байж таарахгүй. Зөв ардчилал хөгжсөн улсад улс төрчид нь ард иргэдээсээ айдаг. Айна гэдэг нь хэл ам биш, хариуцлага тооцох байдал гэсэн үг. “Та бидэнд ингэж амласан. Яасан бэ” гэж шаардах эрх мэдэл нь ард түмэнд байдаг. Германы улс төрчид маш энгийн шүү дээ. Хэн нь ч хамаагүй гишүүнээс цаг аваад уулзах эрхтэй. Хүнд сурталдаад иргэддээ олдохгүй байна гэх асуудалгүй. Улс төрч гэдэг мундаг том дарга биш шүү дээ. Бидний төлөөлөгч, ард түмний татвараар цалинждаг л хүн. Бид ажил олгогч нь. Фокусыг ингээд ойлгочихвол бүх зүйл энгийн.
Нэг биш нэжгээд Монгол хүн илүү хүчирхэг гэдгийг мэдээсэй
-Би саяхан эх орондоо очсон. Германаас явахдаа Монголын улс төрд гарсан бүлэг хүмүүс үе үеэрээ унаж цэвэрлэгдэхгүй бол байдал хэцүү байгаа юм байна гэсэн бодолтой байлаа. Монгол Улс маань хөгжихгүй байна уу даа гэсэн сэтгэлгээ надад байсан. Тэгээд очоод хэд хэдэн аймагт лекц уншиж хүмүүстэй уулзлаа. Гэтэл хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдсөн байна. Ялангуяа Монголын залуучууд хариуцлагатай болсон байна гэдгийг харлаа, мэдэрлээ. Баярлаж суулаа. Тэд эх орноо хөгжүүлье гэсэн бодолтой болсон байна. Одоо залуучууд маань амбицтай байх хэрэгтэй. Би амбицтай байхыг хийрхэл гэж ойлгодоггүй. Зорилгодоо хүрэх арга зам гэж боддог. Яг энэ үед бид тэднийг сонсох хэрэгтэй. 40, 50 гарсан улстөрчид өөрсдийгөө манлайлагч залуу, шилдэг улстөрч гэмээргүй байна. Цаг үе өөр болсон шүү дээ. Герман яагаад хөгжсөн юм бэ. Нэг герман хүн хэн ч биш нэжгээд герман хүчирхэг гэдгийг тэд харуулсан. Харин нэг монгол хүн маш хүчтэй байна. Бүх зүйлтэй өрсөлдөөд даваад гараад ирж байна. Харин тэнд нийлдэг, эвсдэг, эвтэй монгол гэж алга. Эвсэж ялалтад хүрье гэсэн сэтгэлгээгээр биш ганцаараа би л ялна гэсэн байдлаар хандаад байхаар массын хөгжил орхигддог. Тэр дүр зураг ч Монголд ажиглагдсаар байна.
Улс орныг уул уурхай хөгжүүлнэ гэдэгтэй санал нийлдэггүй
-Германд бол мөнгө олохын тулд улс төр тийшээ бол зүглэлтгүй. Улстөрч хүн олон жилийн хугацаанд шалгардаг. Хүнээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг маш хэцүү. Ядаж л лекцдээ хүн ирүүлэх амаргүй шүү дээ. Миний ярьж буйг сонсоно гэдэг их хүндлэл юм. Би Монголд байгаа мундаг залуусыг улс төрийн тавцанд гараасай л гэж боддог шүү. Мөн би улс орны хөгжлийг уул уурхайн салбар авч явна гэдэгтэй санал нийлдэггүй хүн. Энэ Солонго тэнэг байх гэх биз. “Эрдэнэт” үйлдвэр зэрэг эх орондоо татвар төлж томоохон компаниудыг буруутгахгүй аргагүй.
Гэхдээ дэлхийн нийтийн жишгийг харахад татвар төлж байгаа нь хамаагүй, тэнд дэд бүтэц хэр хөгжиж байна вэ гэдгээс үр ашиг нь харагддаг. Оюутолгойн гэрээ бол ямар ч ашиггүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэнд өдийг хүртэл юу ч цогцлоогүй байна. Сургууль, цэцэрлэг байр гээд дэд бүтэц төдийлөн хангалттай хэмжээнд хөгжиж чадахгүй байна. Монголын нэртэй ганц хоёр төсөл дэмжсэнээ хөгжил гэж хэлж болохгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин