Төрийн ордныг газар хөдлөлтөд тэсвэргүй талаарх дүгнэлтийг 2016 онд МХЕГ-аас гаргаж байжээ. Тодруулбал, МХЕГ-аас Төрийн ордны барилга байгууламжийг 2000 онд паспортжуулсан. 1951, 1961 оны өргөтгөлийн барилгууд нь газар хөдлөлтийг тэсвэрлэж чадваргүй, 1981 оны өргөтгөлийн барилга нь одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа норм дүрмийн зарим шаардлагыг хангахгүй гэсэн үнэлэлт гарган, яаралтай арга хэмжээ авах тухай албан бичгийг ЗГХЭГ-т хүргүүлж байсан аж.
Энэ дагуу тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд УИХ-аас тогтоол гаргаж, гамшгаас хамгаалах тухай хуулийн биелэлтийг хангах, хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт даалгаж байжээ.
Мөн тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тухайн үеийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан нарт даалгаж байсан аж.
МХЕГ-аас гаргасан дүгнэлтийн дагуу УИХ-ын дарга З.Энхболд Төрийн ордонг шинэчлэн барих УИХ-ын тогтоолыг гаргаж байсан ч тогтоол гарснаас хоёр сарын дараа сонгуулийн дүнгээр УИХ, Засгийн газар солигдсон учир энэхүү тогтоол биелэгдэж чадаагүй өнөөдрийг хүрчээ.
Өдгөө Төрийн ордныг хаана барих тухай асуудал нэлээн яригдаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлсэнээр иргэдийн хүсэлтийн дагуу Баянхошуунд барихаар яригдаж байгаа аж.
/Төрийн ордны барилгын талаар МХЕГ-аас гаргасан дүгнэлт болон ЗГХЭГ-т хүргүүлсэн албан бичигтэй танилцана уу/
/2016 онд УИХ-аас гаргасан тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна/