Гаднын улсын иргэн, импортын бараа бүтээгдэхүүн гэхээр л бүхнээ зориулдаг Монгол сэтгэлгээг хэн хаанаас өвлүүлснийг хэн ч мэдэхгүй.
Энэ нь жил ирэх тусам улам ужгарсаар л байгаа нь хамгийн харамсалтай. Өнөөдөр хүнсний хэрэглээний 50 гаруй хувийг импортоор оруулж ирдэг бол түүний 90 хувийг жимс нарийн ногоо эзэлдэг байх юм. Хүнсний бүтээгдэхүүн гэсэн нэрийн дор хил гаалиар ийм их хэмжээний хорыг нүд нь сохор, чих нь дүлий мэт оруулсаар байгааг шат шатны байгууллагын цагаан захатнуудыг үнэхээр гайхмаар. Уг нь Монгол улсын хуулийг хэрэгжүүлж импортод хяналт тавих үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар гэж олон ажилчинтай хяналтын байгууллагууд байдаг. Эдгээр газар чухам юу хийгээд байна вэ.
Монгол улс 1.566.000 хавтгай дөрвөлжин газар нутагтай, Монгол улсын хүн амыг 21 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний малтай, нэг сая гаруй га тариалангийн эргэлтийн талбайтай улс. Тус тоон мэдээллээс харвал хүн амаа жилийн дөрвөн улирлаар бүрэн хангачих боломж манайд хангалттай байна.
2012 онд баталсан Хүнсний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хэлэлцэн баталсныг иргэд та бүхэн санаж байгаа байх. Тус хуулиудад аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой журамлан заасан байдаг. Гэтэл хуулийг үйлчилгээний байгууллагууд зөрчиж болдог гэдгийгKFC түргэн хоолны сүлжээний газар тод томруунаар батлан харуулсан үйл явдал саяхан болсон. Мөн KFC сүлжээ дэлгүүр нь БНХАУ-ын Шаньдун мужаас тахианы мах болон бусад түүхий идээ импортолдог байна. Мөн нэг төрлийн үйл ажиллагаа явуулдаг томоохон сүлжээ түргэн хоолны газар хүртэл Оросоос бургерын талхаа татаж авдаг талаарх шуугиан хэдэн жилийн өмнө гарч байсан. Гэтэл эдгээр томоохон сүлжээ газруудын импортолдог бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгч нар стандартын дагуу дотоодод үйлдвэрлэсээр л байгаа юм.
Хүнсний аюулгүй байдалтай холбоотой “Органик хүнсний тухай” хуулийг 2016 онд УИХ-аар мөн л баталсан. Тэгвэл өнөөдөр энэ хуулийг хамгийн их зөрчиж байгаа нь импортын бүтээгдэхүүнүүд. Энэ жил Монгол улсын засгийн газар 2019 оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарлаж байгаа юм.Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчдын хариуцлагыг чангатгаж шалдар булдар орон тооны ажилчдыг цомхотгохгүй бол энэ хууль нь бусад хуулийн адил цаасан дээр үлдэнэ гэдэг нь тодорхой байна. Нийслэлийн мэргэжлийн хяналт болонKFC түргэн хоолны сүлжээ газрын хариуцлаггүй үйлдлийн талаар УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан хүртэл жиргээд амжсан байдаг.
Холбогдох албан байгууллагууд чанарын шаардлага хангахгүй эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц импортын бүтээгдэхүүнд ахан дүүсийн хандлагаар аядуу зөөлөн ханддаг сэтгэлгээг төрийн албан хаагчдаасаа эхлэн орхихгүй бол Монгол улсын хүн ам хорт хавдар болон ахуйн хавьтлын замаар халддаг халдварт өвчнөөр дуусах нь байна.
Ямарваа нэг улсыг хамгийн эхэнд түргэн хугацаанд мөхөөж болох зүйл нь хүнсний салбарт гажуудал үүсгэх байдаг. Үүнийг шат шатандаа анхаарч салбарчилсан стандартын дүрэм журмаа мөрдөж, хуулиа хэрэгжүүлдэг улсын эгнээнд жагсахын төлөө хамтдаа тэмцье.