Хошин урлагийн нэгэн төрөл болох “Стэнд ап” буюу тайзны ярианы урлаг манайд анх таван жилийн өмнө үзэгчдэд хүрч эхэлсэн. Хэдий энэ урлаг манайд төдийлөн хөгжөөгүй ч үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа.
Тэгвэл саяхан энэ урлагийг үзэгчдэд хүргэдэг “Ub comedy” клуб хоёр хуваагдсанаа албан ёсоор мэдэгдсэн. “Ub comedy” клубээс өрх тусгаарлан гарсан “Comedy lab” клубийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Гантулгатай ярилцлаа.
-Стэнд ап гэх энэ урлаг анх хаанаас үүссэн юм бэ?
-Анх энэ урлаг 1800-гаад оны үеэс эхлэн Англи, Францын орнуудад дуурь, жүжгийн үзэгдэл, завсарлага дундуур үзэгчдийг уйдаахгүйн тулд тухайн театрын хэн нэгэн гарч ирж элдэв хөгжилтэй онигоо, элэглэл зэрэг зүйлсийн тухай ярьдаг байснаас стэнд ап-ыг үүссэн гэж үздэг. Тэр нь зөвхөн элэглэл ярих төдий байхаа больж нийгэм рүү хандсан, амьдралд байдаг зүйлсийг өөр өнцгөөс нь харж ярьдаг болж өргөжсөн байгаа юм. Английн театруудаас үүсээд Америк руу салбарласан байдаг. Одоо Америк, Европ, Азийн орнуудад эрчимтэй хөгжиж байна. Америкт энэ урлаг нэлээн өндөр түвшинд хөгжсөн гэж хэлж болно. Одоо Ази руу голлон орж ирж байна. Манайд анх Батбилэг маань 2014 онд ганцаараа Стэнд ап урлагийг эхэлж байсан. Ганцаараа “Open mic” төрлөөр эхлүүлсэн. Энэ төрөл нь яг цэвэр стэнд ап биш. “Нээлттэй микрофон”-ы үдэш буюу үзэгчдээс ярих сонирхолтой хүн байвал тайз нээлттэй байсан. Тухайн үед Батбилэгийн хийж байсан арга хэмжээнүүдийг үздэг байсан зарим залуус хамтарч энэ бүхнийг хөгжүүлцгээе, хамтаръя гэсэн санал тавьж өргөжих эхлэл тавигдсан.
-Таны хувьд ямар мэргэжилтэй вэ. Стэнд ап чиглэлээр гадаадад сургууль байдаг юм уу?
– Би 2008 онд Хэл шинжлэл, орчуулагчийн анги төгссөн. Харин дараа нь 2016 онд Барилгын инженер мэргэжил эзэмшсэн. Яг энэ чиглэлийн сургуульд сураагүй. Сургууль бол байдаг. Амраа бид сүүлд Америкт явж байхад Лос Анжелес хотод энэ чиглэлээр хүмүүс бэлддэг сургуульд очиж үзсэн. Тэр нь цэвэр стэнд ап гэхээсээ илүү хэрхэн илтгэх, хэрхэн индэр дээрээс ярьж сурах, яаж хөгжилтэй байлгах зэргийг гол болгон хичээллэдэг сургууль байдаг юм билээ.
-Комэди, хошин урлагийн ялгаа нь юу гэж хардаг вэ?
-Яг онол талаас нь гэхээс илүү өөрийн өнцгөөс харахад хошин урлаг бол нийгэмд болж байгаа зүйлийг хүмүүст элэглэх, жүжигчлэх, дүрүүдийг нь бүтээх маягаар үзүүлж байгаа юм. Харин стэнд ап төрөл бол нэг хүн тухайн нийгэмд байгаа зүйлийг үзэгчдэд хөгжилтэй байдлаар хүргэх, тэднийг инээлгэхэд гол санаа нь оршиж байдаг гэж боддог.
-Та хэд санаануудаа хэрхэн олдог вэ. Ихэнх урлагийн төрлүүд нийгэм рүү чиглэсэн санааг хөндсөн байдаг шүү дээ.
-Ерөөсөө санаа бол хаа сайгүй л байдаг. Гудамж талбай, ажил, найз нөхөдтэйгөө уулзаж байхад гэх мэт. Янз бүр. Хаанаас ч сэдлээ олж харах үе бий. Бүх л төрлийн сэдвүүдийг олж харж явдаг. Боломжийн санаагаа ч тэмдэглэж авна.
-Тайзан дээр яригдаж байгаа зүйлс ихэнх нь бодит байх юм уу?
-Энэ урлаг манайд таван жил болж байна. Энэ хугацаанд бид гадны комэдигээс сургалтууд ч авлаа. Нийгэмд байгаа хэд хэдэн дүрүүд байна л даа. Хэтэрхий гэнэн цайлган юу ч бодолгүй ярьдаг хүний дүр эсвэл тэнэг, маш ухаантай логик гаргалгаатай ярьдаг хүмүүс зэрэг хэд хэдэн дүрийн өмнөөс ярьдаг. Зарим хүмүүс өөрт нь тохиолдсон зүйлсээ ярина. Зарим нь бүр гэр бүлийн түүхүүдээ ч ярьдаг. Сүүлийн үед шинэ техник технологи орж ирснээр хүмүүс яаж өөрчлөгдөж, нийгэмшин амьдарч байгаа энэ үе бидэнд хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорьж байна.
-Тайзан дээр алдаа гарах зүйл байх юм уу?
-Стэнд ап комиди бэлдсэн зүйлээ шууд цээжлээд ярьж болно. Шууд тайзнаас зохиогоод ч ярьж болдог. Алдах зүйл байлгүй яахав. Үгээ мартах, буруу ярих, түгдрэх, гацах зэрэг асуудлууд байна.
-Манайхны энэ урлагийн талаар хүлээж авах байдал ямархуу байдаг вэ. Залууст хэр зөв үлгэр дуурайл болж байдаг юм бол?
-Таван жилийн өмнөх байдлаас одоо хүмүүсийн хүлээж авах байдал өөр болсон л доо. Тэр үеийг бодоход хүмүүс зорьж ирж үздэг болсон байна. Мөн юуны талаар ярьж, юуг өгүүлэх гээд байгааг ойлгож үздэг болчихжээ. Бага ч болов хүний ухамсарт эерэг хандлага суулгаж байвал болох нь тэр. Бид өөрсдийн чадах хэмжээндээ залууст үлгэр дуурайл болох гэж хичээж байгаа. Бидний хийгээд байгаа зүйл ямарваа нэгэн зүйл болохгүй байна шүү гэдгийг л сануулж, харуулж байдаг. Басхүү хүмүүсийг хөгжилтэй байлгахад бүхнээ зориулж байгаа юм л даа. Мэдээж шүүмжлэлтэй ханддаг хүмүүс бий. Ямарваа нэгэн зүйл хөгжихийнхөө хэрээр нийгэмд сайн муу хэлэгдэж л байдаг шүү дээ.
-“UB comedy” клубээс өрх тусгаарлаж “Comedy lab” клубийг үүсгэн байгуулаад удаагүй байна. Яагаад өрх тусгаарлах болов?
-“Ub comedy” клуб маань нэг эзэнтэй байсан. Таван жилийн турш хамтдаа тоглолтуудаа хийж, бүх зүйлд хамтдаа байсан. Нэг хүний удирдлагатай учраас бусдын санал ордоггүй хувийн компанийн шинжтэй болж эхэлсэн л дээ. Ингээд Амраа, Төөгөө, Хану, Ганга, Амаржин, Мөнхжин, бид долоо өрх тусгаарлаж “Comedy Lab” клубээ нээчихсэн байна.
-Та хэд Reborn гэх нэртэй нүцгэн зургаа сошиалд тавьсан. Энэ талаар хүмүүс маш их шуугьж байна л даа?
-Цэвэр маркетингийн ажил байсан. Клубээсээ тусдаа гарч reborn буюу дахин төрсөн гэдэг утгаар бодож зургаа даруулсан. Гол санаа нь 1990-ээд оны Америкийн “Next top model” тэмцээнд оролцогч эмэгтэйчүүдийн ийм зураг байдаг. Түүний араас Америкийн хэдэн залуучууд үүнтэй адил зургаа авахуулсан байдаг. Ерөөсөө л энэ санаа. Хүмүүс янз янзаар хүлээж авч байна. Миний харж байгаагаар хүмүүс ямар мэдээллийг яаж хүлээж авахаа сайн мэдэхгүй байх шиг санагдсан. Мэдлэгийн жин гэж байдаг бол жин дээр тавьж энэ мэдээлэл иймэрхүү жинтэй байна гээд шүүлтүүрээрээ оруулж чадахгүй байна. Хэрэгтэй зүйлээ сошиалаас авч чадахгүй байна. Монгол эр хүний хийморь сүлдийг унагаалаа, үлгэр дуурайл алга гэх мэт их шүүмжлэл ирж байгаа. Нэг зурагнаас болж Монгол эр хүний сүр сүлд унадаг, буруу үлгэр дуурайл болчихдог зүйл байхгүй шүү дээ. Аливаа муу зүйлийг цааш нь муу байна гээд түгээж байна гэдэг чинь муу болгож байна л гэсэн үг. Муу гэж бодож байгаа бол өөртөө л үлдээчих л дээ. Бид хэд ярилцаж байгаад инээдтэй байх болов уу гэдэг үүднээс зургаа даруулсан. Зөв зүйл дээр бид ерөөсөө дугардаггүй хэрнээ ганц зураг хараад энэ хэдийг буудъя гэж байх жишээтэй. Нийгмийн сэтгэхүй, хүмүүсийн мэдлэг нимгэн байгаагийн л илрэл гэж бодож байна. Хүний мэдлэг зузаан байх тусмаа аливаа зүйлийг өөрийн зөв өнцгөөс харна. Хүмүүсийн сэтгэхүй их сонин байна л даа. Манайхан хамгийн түрүүнд шүүмжлэх, алдааг нь олж харах гэж хичээдэг. Гар утас, сошиал ертөнцийг амьдралаа гээд ойлгочихсон. Сошиал бол зөвхөн мэдээлэл авах хэрэгсэл. Сошиалыг маш буруу ашигладаг. Хар мэдээг масст, нийгэмд цацдаг. Хүн аливаа мэдээлэлд дүгнэлт хийж, ойлгож гаргах ухаантай байх хэрэгтэй.
-Танай клуб инээдмийн баярт зориулж тоглолт хийх гэж байгаа, шинэлэг зүйл юу байна?
-Монголд хамгийн залуу хошин урлагийн продакшн болох “Comedy lab” клуб маань инээдмийн баярт зориулж энэ сарын 30,31-нд “Big show” хийхээр ажиллаж байна. Бид зөвхөн стэнд ап биш, арай өөр тайзны, театрын жүжиглэлтэй холбосон маягаар тоглолт үзүүлэхээр зорьж байна. Манай энгийн тоглолт буюу долоо хоногийн лхагва, пүрэв, баасан, бямба гаригийн тоглолт гэж байдаг. Лхагва, пүрэв гаригийн тоглолт 11000 төгрөг, баасан, бямба гаригийн тоглолт 22000 төгрөгийн үнэтэй. Инээдмийн баярт зориулсан 31-ний өдрийн тоглолтын билет маань ширээгээрээ зарагдаж байгаа. 120, 160, 200 мянган төгрөгийн үнэтэй. Ширээндээ дөрвөн хүн суухаар, уух зүйл багтсан байгаа.
-Танай клубынхан өөр ямар чиглэлээр ажилладаг вэ?
-Бүгд өөр өөр салбарт ажилладаг. Багш, маркетинг, хувийн бизнес эрхлэх зэргээр ажиллаж байна. Манай Ганга lend.mn маркетингийн менежер хийдэг. Төгөлдөр маань Чингис хаан банкинд валютын дилерээр ажиллаж байсан. Одоо контент реклам бэлтгэдэг компанитай. Хану Японы хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг компанитай. Амаржин “Universal” англи хэлний төвтэй. Өөрөө багшилдаг. Мөнхжин Тээвэр зуучлалтын компанид мэргэжилтэн хийдэг. Амраа Австрийн ардчиллын үзлийг сургадаг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. Энэ чиглэлээрээ хэд хэдэн ном гаргасан. Би инженерийн компанид төслийн менежерээр ажилладаг.
-Гадаад хэл дээр комэдигоо явуулах уу?
-Энэ чиглэлээр явуулаад эхэлсэн. “Ub comedy” клубт “English comedy night” зохион байгуулж байсан. Монголд маш олон гадаадын багш, оюутнууд, сайн дурын ажилчид байдаг. Энэ хүмүүс мэдээж өөрсдийн эх хэл дээрээ хөгжөөнтэй зүйл сонсож нэг үдшийг инээж өнгөрүүлэхийг хүснэ шүү дээ.
-Стэнд ап чиглэлийг сонирхож байгаа залуус олон байгаа байх?
-Бидэнд маш их хандаж байгаа. Яг одоогоор бид тусдаа клубээ байгуулаад өөрсдийн гэсэн тайзгүй байна.
Яваандаа өөрсдийн тайзтай болоод ирэхээр шинэ залуучуудыг бэлдэх бодол бий. Зөвхөн хүмүүсийг дооглох биш, ухаалаг байдлаар хүргэе гэж бодож байгаа. Хийж байгаа зүйлээрээ хүмүүст нөлөөлье гэж зорьж байна. Одоо үеийн залуучууд 10 жилийн өмнөх залуучуудтай харьцуулахад тэс өөр болчихсон. Хаана хүрэхээ мэдчихсэн. Дэлхийд гарах залуучууд олон байна. Бид хүн инээлгэх талыг зөв олж харж, зөв илэрхийлэхийг зорьж байна.