14 НАСТАЙ АЗЗАЯА ХҮҮ ОЙ НАЙМАН САРТАЙ ДҮҮГЭЭ ГАЛААС АВАРЧЭЭ-
Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын нэгэн айлд ой найман сартай хүүхэд гэртээ ганцаараа байхдаа гал алдаж гэр доторх нь шатжээ. Ой найман сартай хүүхэд 14 настай ахыгаа усанд явсан хойгуур алчуур галын аманд тавьсанаар гал алдсан аж. Улмаар ах нь ирэхэд гэр нь шатаж, бяцхан дүүгийнх нь үс нь шатаж байж. 14 настай ах болох Аззаяа дүүгээ гэрээс гарган өөр дээрээ авчирсан 80 литр усаа асгаж биеэ бүхэлд нь норгоод гэр лүүгээ орж шатаж байсан хийн баллоныг тэвэрч гаргаж, гэр доторх галаа өөрөө унтрааж чаджээ.
Аззаяа хүү дүүгээ хажуу айлдаа үлдээгээд галын машин дуудаж өгөхийг хүсээд дахин гэртээ орж бүх галаа өөрөө унтраасан байгаа юм. Харин удалгүй галын машин түргэний тэрэг ирэхэд Аззаяа хүү хэдийнэ галаа унтраачихсан гэрийхнээ гадна шокын байдалтай зогсож байсан аж. Шатаж буй гэр лүүгээ өөрийн амиа үл хайрлан орж галаа унтраасан шалтгаанаа хойд ааваасаа айсандаа хэмээн тайлбарлаж буй. Учир нь Аззаяа хүү гурван дүү, ээж, хойд аавын хамтаар амьдардаг. Хойд аав нь ээжийг нь болон Аззаяа хүүг байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг нь ийн үхлийг үл тоон гал руу орох шалтгаан нь болж.
Аззаяа хүү гэрийнхээ галыг өөрийн гараар унтраахдаа бие нь 40% түлэгдэж улмаар ГССҮТ-д хэвтсэн байна. Биднийг холбогдон эмнэлэгт очиж уулзах гэтэл хүү эмнэлгээс гарсан байв. Харин эмнэлэгт байх хугацаанд нь хойд аав нь эмнэлэгт хоёр удаа согтуу ирэхдээ Аззаяа хүүг ээжийнх нь хамтаар “Гэр шатаасан та нар манайхаас зайлаарай” хэмээн зандраад явсан байх юм.
-ГАЛЫН МАШИН ИРЭХЭД БИ ДҮҮГЭЭ ГАРГААД, ГАЛАА УНТРААСАН БАЙСАН-
Аззаяа хүү хэлэхдээ: “Гал гарч байхад нь дүүгээ хамгийн түрүүнд гэрээс гаргаад, гадаа гарахад хүн байхгүй байсан. Тэгээд хүн дуудаад “Галын машин дуудаарай” гэж хэлээд өөр дээрээ ус асгаад буцаад гэр лүүгээ галаа унтраахаар орсон. Гэрийн гал тогоо хэсэг бүхэлдээ шатаж байсан. Унтраахгүй бол аавдаа зодуулна. Би галын машин ирэхэд галаа бүрэн унтрааж чадсан байсан” хэмээжээ.
-ХОЙД ААВ НЬ АЗЗАЯА ХҮҮГ ЗОДООД ХАШААНД ХҮЛЭЭД ХОНУУЛЧИХДАГ ГЭСЭН-
Аззаяа хүүд туслахаар шийдэж, Сайн үйлсийн аян эхлүүлээд буй П.Баттулгаас тодрууллаа.
-Сайн байна уу. Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг П.Баттулга гэдэг. Би Гуравдугаар цахилгаан станцын нийгмийн ажилтан юм.
-Та галаас бага дүүгээ аварсан Аззаяа хүүд туслах сайн үйлсийн аян эхлүүлж байгаа гэж сонслоо?
-Тиймээ. Галаас дүүгээ аварсан Аззаяа хүүгийн ээж нь манай байгууллагад ажилдаг юм л даа. Бид нар гэр нь шатсан гэж сонсоод байгууллагын төлөөлөл болж гэрт нь очсон. Галаас дүүгээ аварсан баатарлаг хүүгийн амьдрал хэцүүхэн гэж өмнө нь бас сонсож байсан. Тэр хүүгийн цаана олон хэцүү зүйл байдаг. Аззаяа хүү гурван дүүтэй. Хамгийн бага дүү нь хойд аавынх нь хүүхэд юм билээ. Хүү гал гарсан өдөр усанд яваад ирэхэд дүүгийнх нь үс шатаж байсан гэсэн. Тэгээд хүү өөрийгөө усаар норгоод дүүгээ гаргаад галаа өөрөө ганцаараа унтраасан байсан. Мөн өмдөө норгож шатаж буй хийн баллон дээр тавиад өргөж гаргасан байгаа юм л даа. Хүү үнэхээр насандаа баймгүй их зориг тэвчээр гаргасан.
-Та хүүгийн аавтай уулзсан уу?
-Уулзаагүй. Гал гарсан өдөр хүүхэд нь эмнэлэг рүү явсан гэхэд тоохгүй гэр лүүгээ явчихсан гэсэн. Тэгээд эмнэлэгт хэвтэж байхад нь ирээд “Хохь чинь, Та нар манай гэр орны юмыг төлж өгөөд зайлаарай” гэж хэлсэн байсан.
-Сайн үйлсийн аян хэзээнээс эхэлсэн бэ?
-Одооноос эхлүүлэх гээд хүмүүстээ уулзаад явж байна. Бас хүмүүс хүүд туслах гээд дор бүрнээ мөнгө цуглуулж байгаа гэсэн. Ямарч байсан хүүд гэрийг нь засаж өгөх бодол байна. Гэхдээ хойд нь аав нь манай гэрээс зайл гээд зодоод байдаг гэсэн. Тийм болохоор Аззаяа хүүг гурван дүүтэйгээ ээжтэйгээ гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэхгүйн тулд гэртэй болгох санаа зорилготой л ажиллана гэж бодож байна. Хамгийг гол нь манай ажлын газрынхан хүүгийн ээжийг хойд аав нь байнга зоддог тухай мэддэг. Мөн хорооны нийгмийн ажилтан хүртэл их айхтар зоддог гээд мэддэг юм билээ. 14 настай Аззаяа хүүг хойд аав нь зодоод хашаанд хүлээд хонуулдаг гэж байсан. Үнэхээр харамсалтай. Иймд бид нар гэр бүлийн хүчирхийллийн талаар холбогдох байгууллагуудад нь мэдээлэл хүргүүлсэн байгаа.
-Аззаяа хүү одоо эмнэлгээс гарсан байна лээ. Хаана байрлаж байгаа вэ?
-Шатсан гэртээ очоогүй гэж байна лээ. Ээжтэй нь холбогдож асуухад эмээгийндээ байгаа гэж байсан. Дүү нар нь ээжийнх нь дүү нарынхаар тараад байрлаж байгаа гэсэн. Тийм болохоор хүүд тусалж гэртэй болгохоор сайн үйлсийн аян эхлүүлсэн.
-Таньд маш их баярлалаа.
-За баярлалаа. Сайн үйлсийн аянд нэгдэхийг та бүхнээсээ хүсмээр байна.
www.xemnel.com