Төв цэвэрлэх байгууламжийн лагаас гардаг хорт бодисонд 9 ажилтан хордож, дөрвөн хүн нас барсан осол өчигдөр буюу энэ сарын 16-нд гарлаа. Хордсон таван хүн цэргийн төв эмнэлэгт эмчилгээнд орсон байна. Тэдний биеийн байдал хэвийн байгаа гэв. Өнөөдөр хордсон хүмүүс тус эмнэлгийн энгийн тасагт шилжжээ.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид ноцтой осол гарч, дөрвөн ажилтан амиа алдсан хэрэг харамсалтай хэрэг гарлаа. Уг осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад гарсан байна.
Нийслэлийн Онцгой комиссын Аврах ангийн албан хаагчид ажлын байран дээрээ Төв цэвэрлэх байгууламжийн лаганд живж амиа алдсан ажилтнуудын цогцсыг гаргаж авлаа.
Нийслэлийн онцгой комиссынхны урьдчилсан дүгнэлтээ ажилтнууд хорт хийнд хордож, амиа алдсан гэж үзэж байгаа гэдгийг дуулгав. Ажлын хэсгийнхэний урьдчилсан мэдээлснээр “Лаг шахах, сорох хоолойн носасыг орж нээх үед түүнд хуримтлагдсан хорт хий ажилтнуудыг амь насыг эрсдүүлсэн” гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан осол болсон Төв цэвэрлэх байгууламжид очиж ослын нөхцөл байдалтай танилцаж, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийнхэн Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд орох хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, хөдөлмөр хамгаалалт болон эрсдэлийн үнэлгээг хийж, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэх, талийгаачдын ар гэрийнхэнийг хүлээн авч уулзаж, тэдэнд нийслэлийн зүгээс бүх талын тусламж дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад үнэн бодит мэдээлэл өгөх, цаашид дахин осол гарч болзошгүй нөхцөл байдлыг судалж арилгах, эмнэлэгт эмчлүүлж байгаа таван ажилтны эрүүл мэнд, эмчилгээ оношлогооны асуудалд анхаарах, мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо уялдаатай ажиллах юм байна.
Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ” Одоо мөрдөн байцаалтын шатанд явж байна. Лагаас гаргаж байгаа хортой бодисонд хордсон. Ямар хийнээс хордож вэ гэдэг нь шалгалтаар илрэх юм. Насосын станцын барилга дотор үйлдвэрийн осол гарсан байна. Амиа алдсан ажилтнууд 30-35 насны залуус байсан” гэв.