Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны наймдугаар сарын 05-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
Түрээсийн орон сууцанд орохоор 35 мянган иргэн бүртгүүлжээ
“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр бүртгэж дууслаа. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ. НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж бүртгэлийг хаасан. Бүртгэлийн явцад хүндрэл гараагүй” гэлээ.
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарлаа. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой. 2019 оны наймдугаар сарын 06-наас 16-ны өдрүүдэд зарлагдаж буй уг уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээлийг наймдугаар сарын 16-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна.
Үерийн гамшиг тохиолдсон үед шуурхай ажиллах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Улаанбаатар хот орчимд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Хурлын төгсгөлд “Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлыг хэсэг”-ийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх ахлан ажиллахаар боллоо.
Яармагийн зам дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хотын Захирагч үүрэг даалгавар өглөө
Энэ сарын 05-ны өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Яармаг дахь Наадамчдын гудамжны авто зам усанд автсан. Үүний шалтгаан нь Богд уулаас урссан үерийн усыг зайлуулах шугам хоолойг хааж “Талст ширээт” компани барилга барьснаар үүдэн үерийн ус төв зам руу бууж, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Наадамчдын гудамж хэсгийн авто замын зорчих хэсэг болон явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсэг рүү үерийн ус орсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс үүссэн нөхцөл байдал дээр очиж ажиллаж, дур мэдэн үерийн далан сувгийн чиглэлийг өөрчилсөн, зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэн улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам талбай, нийтийн эдэлбэр газарт учирсан хохиролыг тухайн барилга барьж байсан компанийг бүрэн төлж барагдуулах үүрэг даалгавар өгсөн юм.
С.Амарсайхан: Нэг айлаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тэр орчмын айл өрх, гудамж талбай үерийн усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа. Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Амгалан” дулааны цахилгаан станцын баруун, зүүн талаар хийгдэх нийт 3,6 км нэг, хоёрдугаар үерийн хамгаалалтын сувагнаас одоогоор 2,7 км нь хийгдсэн байна. Хотын Захирагч С.Амарсайхан “Нэг айлын эрх ашгаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй. Газрын алба болон холбогдох байгууллагууд яаралтай газраа чөлөөлөхгүй байгаа айлуудын мэдээллийг гаргаж, энэ асуудлыг хууль дүрмийнх нь дагуу шийд” хэмээн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөв.
“БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” Залуучуудын хөгжлийн сар эхэлж байна
Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ныг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг жил бүрийн найм, есдүгээр сард зохион байгуулдаг билээ. Энэ жил “БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдах боломжтой боллоо
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 384-р гарам орчмын автозам усанд автаж, тогтоол үүсэн нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 (БаруунТур-10-р хор) чиглэлийн үйлчилгээ түр саатсан. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний газраас тавьсан хүсэлтийн дагуу Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ тухайн нутаг дэвсгэрт шуурхай ажилласны үр дүнд автозамыг засаж, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулж эхэллээ.
Б.Болормаа: Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт ил тод, шударга явагдаж байна
“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан юм. Тэгвэл наймдугаар сарын 08-ны сонгон шалгаруулах комисс хуралдаж, эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг нээлттэйгээр хэлэлцэж, сонгон шалгаруулалтыг хийв. Сонгон шалгаруулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. Тэргэнцэртэй иргэдийн холбооны санхүүгийн ажилтан Б.Болормаа “Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт ил тод, шударга, нээлттэйгээр явагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, шалгаруулалтын явцад оролцож, хяналт тавьж байгаа учраас үнэн бодитой ил тод байгааг харуулж байна. Миний хувьд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй байгаа” гэв.
Зөвшөөрөлгүй барилга барьсан компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн урд, авто зам, замын байгууламж, үерийн далан суваг, шуудуу хааж, зөвшөөрөлгүй барилга барьсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон талаар мэдээлэл хийлээ. Удаа дараагийн зөрчлөө арилгаагүй дөрвөн аж ахуйн нэгжийн 15 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоож, цахилгааныг хязгаарлан, үерийн далан сувагчлалын ажлыг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, батлагдсан зураг төслийн дагуу богино хугацаанд хийлгэж, үерийн далан суваг хааж барилга барьсны улмаас учирсан хохирлыг тухайн аж ахуйн нэгж байгууллагаар бүрэн барагдуулахаар ажлын хэсэг ажиллав.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс