Удахгүй намрын чуулган нээлтээ хийнэ. Намрын чуулганаар хэлэлцдэг хамгийн гол асуудал бол ирэх оны төсөв байдаг. Энэ намар ирэх оны төсвийг хэлэлцэхдээ дэд сайд нарынхаа төсвийг хасч нэг үгээр цомхотгохгүй бол өөр дэд сайдгүй Засгийн газар ч байгуулагдах магадлал байна. Ингэж хэлэх наад захын шалтгаан бол багш нарын ажил хаялт юм. Засгийн газраас боломжийнхоо хэрээр цалинг нэмсэн гэж байгаа ч тэдний тэмцлийг нийгмээрээ дэмжиж байгаа. Энэ бол эрх мэдэл, илүү ямба эдэлдэг төрийнхөө данхар бүтцийг дээрээс нь эхэлж хумиагүй байж төсвөө, төрийн албаны зардлаа чинээнд нь тултал танасан, “бүсээ чангалсан” гэж эгэл иргэддээ мянга хэлээд нэмэргүйн илрэл билээ.
Он гарсаар Засгийн газрын саналаар агентлаг байгуулах, агентлагийг салгах тухай УИХ-ын тогтоол зургаан ч удаа гарлаа. Зургаан агентлаг байгуулагдана гэдэг тэр хэмжээгээр дарга цэргийн орон тоо хэрэгтэй байсан л гэсэн үг. Нэг нам тэр тусмаа МАН дотроо хагаралдаж Засгийн газраа дахин байгуулсан нь дөнгөж өнгөрсөн жилийн явдал. Үүнийх нь өр, авлага ер нь яагаад ч дуусдаггүй юм. Одоо дахиад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан агентлаг байгуулах тухай санал явж байна. Үүн дээр дэд сайдуудын асуудал байгаа юм. Үнэндээ улс төрд танигдах шат болгож ашигладгаас бусдаар энэ албан тушаалын хэрэгцээ төдийлөн байхгүй. Засгийн газрын тухай хуульд бол “Дэд сайд нь сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтуудыг хангуулах, сайдын даалгаснаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх” үндсэн үүрэгтэй гэсэн байгаа.
Үндсэндээ дэд сайд гэдэг муугаар хэлэхэд сайдын үгээр хэдэн хүнтэй холбогдох ёстой туслахын үүрэгтэй харагдаж байгаа биз. Гэтэл энэ албан тушаал нарийн бичиг, жолооч, зөвлөх, туслах гээд өөрийн орон тоотой албатай. Тэдний цалин урамшуулал, байр цахилгаан, утас, автомашин болон бензин түлшний төлбөр гээд урсч өгнө. Өнгөрсөн жилийн төсөв дээр ширүүн маргаан дагуулсан сэдэв нь дэд сайд хэмээх намчдын шагналын албан тушаалын төсвийг байлгах байлгахгүй тухай маргаан байсан. Ойролцоогоор нэг дэд сайдын зардал нь жилд 500 орчим сая төгрөг байдаг. Үүн дээр нэмэгдээд томилолтын зардал, байр, хоол, унаа, жолооч, туслахууд болон бусад шагнал урамшууллуудаа нэмвэл ахиад бараг 500 орчим сая болно. Ингээд нэг дэд сайдын нэг жилийн зардал нь нэг тэрбум төгрөг болж байна. Монгол Улсын 13 яаманд дэд сайд бий. Тэдний зардлыг хэмнэж чадвал 13 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Үеийн үед дэд сайдуудыг цомхотгох асуудал босоод ирэхээр тэдний цалингийн нийлбэрийг тавьчихаад “Иймхэн мөнгө хэмнэлээ гээд өнөөдөр тулгамдаад байгаа асуудлын алийг нь ч шийдэхгүй” гэсхийгээд өнгөрчих гээд байдаг. Яг үнэндээ сайд болон туслахынх нь цалин төдийд эргэлдэнэ гэдэг их гэнэн ойлголт л доо. Ганцхан жишээ авахад, дэд сайдуудын хот, хөдөөгийн ажилд зориулж хэдэн “Лексус 570” авсан байна гээд үзэхэд л хачин тоо гарна.
Зөвхөн 13 тэрбум төгрөгөөр багш эмч нарын цалинг ядаж нэг удаа ч гэсэн нэмэх боломжтой юм. Сургуульдаа явж чадахгүй байгаа хүүхдүүд, цалингаа голон Сүхбаатарын талбай дээр өдөржин “Цалин нэм” гэх багш нарыг буруутгах арга алга. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол багш эмч нарын цалинг нэмэх явдал мөн. Хэрэв дэд сайд нар тэргүүтнүүдээс нэг жилд 13 тэрбумыг хэмнэж чадаж байгаа бол аймаг бүхний хоёр орлогч дарга нараас нэгийг, агентлаг бүрийн хоёр дэд даргаас мөн тус бүр нэг нэгийг хэмнэхэд ч том хэмжээний мөнгөн дүнгээр тооцогдох хэмнэлт гарах нь тодорхой. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар нь 100 хувь нэг намаас бүрдэж байхад хяналт тавих ямар ч хэрэггүй дэд сайд хэмээх орон тоог хасч багш, эмч нарын цалинг бага ч гэсэн нэмэх байх гэсэн итгэлийн нүдээр ард түмэн чинь 2019 оны улсын төсвийг харж байгаа шүү, Ерөнхий сайд минь. 50 мянган багшийн цалинг нэмэх үү. 13 дэд сайд тэжээх үү гэдэг сонголт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарт байна.
Ер нь тэгээд өнөөдөр 13 дэд сайдын хэдийг нь хүмүүс хэлж мэдэх бол. Үнэндээ заримыг нь бол энгийн иргэн байтугай салбарынхан нь ч харж байгаагүй, танихгүй байгаа шүү. Үүн дээр бараг тусдаа яам байх шаардлагагүй яамдууд ч бий. Ийм болохоор сарын 500 мянган төгрөгийн цалингаа 50 мянган төгрөгөөр нэмүүлэх гэсэн багш, эмч нарын тэмцэл тасрахгүй байна. Тийм болохоор Засгийн газар чадах чинээгээрээ цалин нэмж байна гэсэн үг үнэмшилгүй байгаа юм. Хэдэн арван тэрбумын зарлагатай дэд сайдын албан тушаал намдаа зүтгэсний шагнал болчихсон байгаа нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна. Тэднийг одоо ирэх жилийн төсвийг хэлэлцэхдээ цомхотгохгүй бол, тэгж олон нийтийн итгэлийг сэргээхгүй бол ирэх намрын чуулганаар Засгийн газар өөрөө байх уу, үгүй юу гэсэн асуудал ч босох боломжтой. Өнгөрсөн жилийн өдийд Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч байв. Нийгмийн уур амьсгал мөн л ийм байсан. Тухайн үед У.Хүрэлсүх хэмээх улстөрчийн имиж, уран хурц үгс нь хүмүүсийн итгэлийг татаж байлаа. Өнөөдөр бол өөр. Одоо бол бодит иш үзүүлэх шаардлагатай цаг нь. Тийм болохоор л энэ оноор дэд сайдынхаа асуудлыг цэглэж, эмч багш нарын цалинг нэмэхгүй бол дэд сайдгүй Засгийн газар ч гараад ирэх боломжтой гээд байгаа юм. Өнөөдрийн энэ хөрсөн дээр элдэв шантаажгүй, дэд сайдгүй Засгийн газар байгуулах уриалга гарвал харин ч газар авна. Угаасаа эрх баригч намын дотоод хуваагдал, шарх сорви нь аниагүй байна. Төр түмэн олныхоо дууг сонсохгүй дүлий дүмбэ байвал угаасаа тийм явдал болдог жамтай.
Эх сурвалж: 24tsag.mn