Алагдсан залуухан Ерөнхийлөгчийн үзэсгэлэнтэй бэлэвсэн эхнэрийг олон нийт хайрлахгүй байхын аргагүй байлаа. Жаклин Кеннеди Америкийн бүхэл бүтэн нэгэн эриний гоо сайхан, сүр жавхаа хийгээд эмгэнэлт түүхийн илэрхийлэл, бэлгэдэл болж байв.
Тэрбээр хэдэн жил гашуудан бүгэж байгаад 1968 онд Грекийн тэрбумтан Аристотель Онассистай гэрлэсэн билээ. Гэтэл сэтгүүлчид түүнийг дахин эрд гарсных нь дараа ч тайван байлгаагүй агаад тэднээс Тэргүүн хатагтай асныг Рон Галелла шиг “ангуучилсан” нь үгүй.
Орчин цагийн Америкийн папарацци гэрэл зурагчдын “Загалмайлсан эцэг” гэгддэг Галелла олны танил хүмүүсийг отон, хаа байгаа газар нь манаж байгаад барьж авдаг “муу арга”-ыг анхлан амжилттай ашигласан нэгэн юм. Тэрбээр Майкл Жексон, София Лорен, Марлон Брандо нарын алдартнуудыг чухамхүү тийн “олзолдог”, бүр хойноос нь хөөж мөшгөн байж зургийг нь дардаг байв. Нэгэн удаагийн тийм явдлаар Брандо түүнийг шанаадаж, тавын таван шүдийг нь цөм цохисон гэх яриа ч бий.
Гэхдээ Галеллагийн гол бай нь тэрбумтантай гэрлэснээсээ хойш сэтгүүлчдийн дунд хатагтай Жэки О гэгдэх болсон Жаклин Кеннеди байлаа. Тэрбээр хатагтайгаар бүр “өвчлөөд” байв. Тиймээс түүний байж болох газар бүрийг нэгжиж, байнга эргэж тойрох болжээ. Харин хүсэн хүлээсэн агшин нь 1971 оны аравдугаар сард тохиосон байна. Галелла Нью-Йоркийн Зүүн дээд гудамжнаа хатагтай Онассисыг санаандгүй олж харж, араас нь таксигаар дагасаар хатагтайг хэсэгхэн зуур зогсосхийхэд таксины жолоочоос дуут дохиогоо хангинуулахыг хүсчээ. Гэтэл санаанд оромгүй зүйл болж Жаклин Кеннеди гэрэл зурагчин руу эргэж харах нь тэр.
Галеллагийн хожим ярьснаар хатагтай түүнийг эхлээд таниагүй тул таксины жолооч, ард нь суугаа хүн хоёр луу эргэж хармагцаа инээмсэглэсэн гэдэг. Харин зургийн аппарат гялсхийхийг мэдүүтээ хурдхан цааш эргэж, алхаагаа түргэсгэн холдон оджээ.
Рон Галеллагийн өөрийнх нь бахархалтайгаар нэрлэснээр орчин цагийн фото сэтгүүл зүйн “Мона Лиза” болох Жэки хатагтайн энэхүү хөрөг оддын зураг хэмээх цоо шинэхэн урсгал жанрыг Америкийн нийгэм, соёлд бий болгосон байна. Мөн мэдээ сурвалжилга, алдартнуудын хувийн орон зай хоорондын бүдэгхэн байсан зааг ялгааг тодотгон, папарацци зурагчныг шүүхийн хаалга татахад хүргэсэн анхны хэргийг үүсгэжээ.
Галелла уг бүтээлээрээ хэдий алдаршсан ч Жаклин Кеннеди болон түүний гэр бүлийнхний зургийг дахин дарахгүй, хатагтай Онассист 50 метрээс илүү ойртож болохгүй гэсэн шийдвэрийг шүүхээс сонссон байдаг. Гэвч тэрбээр үүндээ огт харамсдаггүй.
Чухам энэ зургийнхаа ачаар л тэрбээр “Harper’s Bazaar” сэтгүүлээс “Америкийн хамгийн зартай папараццо” хэмээн цоллуулж, алдарт “Time” сэтгүүлийн бүхий л цаг үеийн шилдгийн шилдэг 100 гэрэл зурагт бүтээл нь багтсан тоотой хэдхэн зурагчны нэгээр тодорсон билээ.