Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Япон Улсад хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажилтнаар ажиллахад зуучлана” гэсэн зар ихээр явуулж буйтай холбогдуулан дараах сэрэмжлүүлэг, мэдээллийг хүргүүлж байна.
Тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд ажиллах хүч гадаадад илгээх нь хуулиар хориглосон үйл ажиллагаа юм. Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам нь Япон Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үндсэн ажилтан илгээх тусгай зөвшөөрлийг одоогоор ямар ч хуулийн этгээдэд олгоогүй байна.
Тус яамнаас өмнө олгосон ур чадварын дадлагажигч илгээхэд зуучлах тусгай зөвшөөрөл нь үндсэн ажилтан буюу хөдөлмөрийн гэрээгээр ажилтан илгээх үйл ажиллагаанд хамааралгүй, зөвхөн УР ЧАДВАРЫН ДАДЛАГАГЧ илгээхэд зуучлах тусгай зөвшөөрөл болно.
Иймд Япон Улсад үндсэн ажилтан илгээх, уг агуулгаар олон нийтэд зар түгээх, иргэдийг бүртгэх нь Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлд заасан “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль зөрчих” зөрчил болохыг анхааруулж байна.
Зөрчлийн тухай хуулиас
10.13 дугаар зүйл. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль зөрчих
1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зохих зөвшөөрөлгүйгээр ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авч ажиллуулсан, эсхүл ажиллах хүч гадаадад гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.